Шилэн кабель
optic
Шилэн кабель гэж юу вэ?
Optic fiber буюу Шилэн утас нь өөрийн уртын дагуу гэрлийг дамжуулдаг шил эсвэл хуванцар утас юм. Шилэн кабель нь бусад холбооны хэрэгслүүдээс хамаагүй хол газарт илүү хурдтайгаар мэдээллийг дамжуулдаг учир харилцаа холбоонд голчлон хэрэглэгдэж байгаа юм. Төмөрлөг утасны оронд шилийг хэрэглэснээр дамжиж байгаа дохио нь алдагдал (өөрөөр хэлбэл эсэргүүцэл багатай) багатайгаар дамжихын зэрэгцээ цахилгаан соронзон нөлөөлөлд ордоггүй сайн талтай. Шилэн утас нь мөн гэрэлтүүлэг, зургийг бага зайд тусган гаргах, мэдрэгчүүд болон шилэн лазерт хэрэглэгддэг байна.
Шилэн кабелийн доторх гэрэл нь бүрэн дотоод ойлтын (total internal reflection) улмаас кабелийн голд "хадгалагддаг". Ийм учраас шилэн кабель нь долгионы замын үүрэг гүйцэтгэдэг юм. Олон тусгалт, олон замтай шилэн кабелийг Multi-mode fiber буюу Олон төлөвт кабель, дан ганц дохио дамжуулах чадвартайг нь Single-mode fiber буюу Дан төлөвт кабель гэж нэрлэдэг. Олон төлөвт кабелийг богино зайд, маш өндөр хүчин чадал шаардаж байгаа үед хэрэглэдэг. Дан төлөвт кабелийг голдуу хол зайд буюу 550 метрээс хол зайд хэрэглэдэг.
Шилэн кабелийг залгах, холбох, гагнах ажиллагаа нь маш нарийн төвөгтэй ажиллагаа байдаг. Цахилгаан дохио биш гэрлэн дохио дамжуулдаг учир залгаас нь ямарч согоггүй, бараг төгс хийгдсэн байх ёстой байдаг. Шилэн кабелийн 2 үзүүрийг эхлээд таслан үзүүрлэдэг бөгөөд тусгай төхөөрөмжөөр хайлуулан гагнадаг байна. Сүлжээний төхөөрөмж рүү залгадаг, салгаж болдог тусгай сүлжээний толгой бас байдаг.